Барилгын үйл ажиллагаанд баримтлах ёстой нэн тэргүүний зарчим юу вэ?
Барилгын үйл ажиллагаанд баримтлах зарчимд “Механик аюулгүй байдлыг хангах” нь нэн тэргүүнд тавигддаг. Механик аюулгүй байдлыг хангах гэдэгт барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх шаардлага хамаарна. Мөн барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан, ургамалд аюул учруулахгүй байх, барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй, галд тэсвэртэй, цахилгаан хангамж, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байхаар төлөвлөгдөн баригдсан байх шаардлага нь барилгын үйл ажиллагаанд баримтлах зарчим юм.
Барилгын салбарт ямар төрлийн үйлдвэрлэлийн осол нийтлэг гардаг вэ? Үйлдвэрлэлийн осол шалтгаан нь юу байна вэ?
Барилгын салбарт тохиолдох осол аваарыг
Барилгын материал үйлдвэрлэх явцад үүсэх үйлдвэрлэлийн осол,
Барилга ажлын явцад үүсэх үйлдвэрлэлийн осол,
Барилгын үйл ажиллагаа түр зогссон байх хугацаанд үүсэх осол,
Барилгын ашиглалтын явцад үүсэх осол гэж ангилж болно. Эхний хоёр тохиолдлыг үйлдвэрлэлийн осолд хамааруулж үзнэ.
Барилгын тухай хуульд “барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг хамааруулан ойлгодог бөгөөд барилгын ажил гүйцэтгэж байх явцад дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн, дагаж мөрдөөгүйгээс үйлдвэрлэлийн осол гарах шалтгаан болж байна.
Мөн Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллагын хяналт сулаас барилгын ажил гүйцэтгэж байх явцад үйлдвэрлэлийн осол үүсэх нөхцлийг бүрдүүлж байна.
Барилгын ажил гүйцэтгэж байх явцад гарах ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Юун түрүүнд барилгын салбар дахь оролцогч нэг бүр нь үйл ажиллагаа явуулахдаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сахин хангуулан ажиллах шаардлагатай. Ажил хөдөлмөр эрхлэж буй иргэн, ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт горимыг чанд мөрдөх, зохих сургалтанд хамрагдсан байх, аюулгүйн зааварчилгаа авсан байх зэрэг шаардлагыг нэгэн зэрэг хангасан тохиолдолд аливаа осол аваараас урьдчилан сэргийлэн боломжтой.
Барилгын ажил гүйцэтгэгч бригад, баг, хувь хүмүүс амь нас болон эрүүл мэндийн даатгал хийлгэх боломжтой юу?
Барилгын ажил гүйцэтгэх явцад бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирч болзошгүй тул уг эрсдлийг багасгах, бууруулах зорилгоор болзошгүй эрсдлийг даатгуулж болдог. Барилгын ажил гүйцэтгэгч нь тухайн барилга байгууламж дээр ажиллах ажилтнуудыг гэнэтийн ослын даатгалд, амь насны даатгалд, мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэн мэргэжлийн хариуцлагын даатгалд хамруулах үүрэгтэй байдаг.
Даатгалын талаарх зохицуулалт нь Захиалагч болон гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, Ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч нарын хоород байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнд даатгалын хураамжийг аль тал төлөх зэргийг тусгаж болдог.
ХАБЭА-н ажилтан нь аж ахуй нэгж, байгууллагад ямар үүрэг гүйцэтгэх вэ?
Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулах үүрэгтэй байдаг.
Уг ажилтан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3-т заасны дагуу дараах чиг үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх;
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих;
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах;
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах;
Ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих;
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, дүрэм, журмыг зөрчсөн албан тушаалтан, ажилтанд хариуцлага хүлээлгэх саналаа ажил олгогчид гаргах зэрэг хуульд тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлдэг.
ХАБЭА ажилтангүй үйл ажиллагаа явуулж буй барилгын ажил гүйцэтгэгчдэд ямар хариуцлага тооцдог вэ?
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27,4, 28-д зүйлд заасан үүргээ ажил олгогч нь биелүүлээгүй буюу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан авч ажиллуулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 12.1.7.4-т заасны дагуу учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 500,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Мөн Хөдөлмөрийн байдал, эрүүл ахуйн ажилтангүйгээр үйл ажиллагаа явуулсны улмаас осол гарч, хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 10.6, 11.3, 11.5, 11.6-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Барилга барих явцад осол аваар гарсан тохиолдолд ХАБЭА-ын ажилтан ямар хариуцлага хүлээх вэ?
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас ажлын талбарт осол, аваар гарсан тохиолдолд зөрлийн шинж байдал, учирсан хохирлын хэр хэмжээнээс хамааран Зөрчлийн тухай хуулийн 12.1-т заасны дагуу захиргааны хариуцлага, Эрүүгийн хуулийн 10.6, 11.3, 11.5, 11.6-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Гэмт хэргийн шинж байдлаас хамааран 450,000 – 27,000,000 төгрөгөөр торгох, эсхүл 240 – 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих зэрэг эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Ерөнхий гүйцэтгэгчийн ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бригад /байгууллага/-н ажилчин осол аваарт өртсөн тохиолдолд хариуцлагыг хэн хүлээх вэ?
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1-д зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцдаг тул бригадыг зохион байгуулалтанд оруулж, хөлслөн ажиллуулж байгаа этгээд хариуцлага хүлээнэ. Хэрэв уг бригадын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий ажилтан ажилладаг тохиолдолд уг ажилтан хариуцлага хүлээнэ.
Барилга барих явцад болон барилга байгууламжийн ашиглалтын явцад осол, гэмтэл гарсан тохиолдолд барилгын ажилд оролцогчид ямар хариуцлага хүлээх вэ?
Барилгын ашиглалтын явцад барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учрах, нурах тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, өмчлөгч, эзэмшигч, материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн аль буруутай нь хариуцлага хүлээдэг.
Мөн барилгын ажил гүйцэтгэх явцад үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд оролцогчоос хамааран тус бүр өөрийн хариуцлагыг хүлээнэ.
Барилгын захиалагч нь:
Барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гарах эрсдэл, хохирлыг хариуцна.
Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцна.
Зураг төсөл зохиогч нь:
Барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсгийг боловсруулсан зохиогч тухайн зураг төслийг баталгаажуулан, мэргэжлийн хариуцлага хүлээнэ.
Барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэн эсэхэд хяналт хийж баталгаажуулан, хариуцлага хүлээнэ.
Зураг төсөлд магадлал хийх байгууллага нь:
Барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэн эсэхэд хяналт хийж баталгаажуулан, хариуцлага хүлээнэ.
Барилгын ажил гүйцэтгэгч нь:
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол, үр дагаврыг хариуцна.
Барилга байгууламжийн ашиглалтын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцна.
Барилгын ажил гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийг ажиллуулж, ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх тохиолдолд туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүн, эрсдэлийг захиалагчийн өмнө хариуцна.
Барилгын материал үйлдвэрлэгч нь:
Үйлдвэрлэсэн барилгын материал, бүтээгдэхүүнийхээ чанарыг хариуцна.